Номын баяр тэмдэглэн өнгөрүүллээ.
  • By admin
  • 2023-10-21
  • No Comments

Номын баяр тэмдэглэн өнгөрүүллээ.

16 дах удаагаа Номын баярыг зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд “Номын баярын өдөр тэмдэглэх” албан ёсны арга хэмжээг тохиолдуулан Сургуулийн номын сангаас 16 дах удаагаа Номын баярыг зохион байгуулж ирсэн байна.
📚Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаа 2023 оны 10 сарын 12-ноос 10 сарын 20-ны хооронд болж өнгөрлөө.
• Номын баярын нээлтэд Монгол Улсын Хүндэт дипломатч орчуулагч Р.Баасан манай сургуулийн номын санд өөрийн бүтээл “Төрдөө хэл залгуулж явсан он жил минь” номоо гардуулан өглөө. Мөн хэлний тэнхимийн багш, оюутнуудад орчуулгын талаарх үнэтэй зөвлөгөө өглөө.
• 1-р курсийн оюутнуудаа номын сантай танилцуулан номын сангийн программаас ном хайж олох ба цахим ном унших заавар, зөвлөгөө өглөө.
• Сономбалжирын Буяннэмэхийн зохиол бүтээлийг уншаад өөрийн сэтгэгдэл эсээ бичих уралдааныг зарлаж өнөөдөр дүнгээ гаргаж байна. Энэ уралдаанд:
📚1-р байр АХО-ийн 1-р курсийн оюутан Г.Жансулу
📚2-р байр НА-ийн 2-р курсийн оюутан Д.Лхамсүрэн
📚3-р байр АХО-ийн 4-р курсийн оюутан Б.Отгон-Эрдэнэ нар шалгарч байр эзэлэж шагнал гардан авлаа.
• Номын сангаас Бэлэг хандиваар ирсэн номын үзэсгэлэн гаргалаа. Энэ номоос багш, оюутнууд дуртай номоо үнэгүй авах боломж олгож оюутнууд тус номоос маш их номыг авч баярласан сэтгэлээ илэрхийллээ.

- Сономбалжирын Буяннэмэх сэтгэгдэл эсээ -

Англи хэлний орчуулга I курс Г.ЖАНСУЛУ
Хэлмэгдлийн шуурганд хугаран унасан ч оюуны үрээ үлдээж чадсан их говийн хайлаас буюу зохиолч Буяннэмэх. С.Буяннэмэх зохиолч тухайн үедээ яруу найргаараа дамжуулан ард олонд ардчиллыг суртчилж, соёл, боловсрол эрүүл мэнд шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж байсан. Түүний эл бүтээлүүдээс “Ойрх цагийн товч түүх”, “Харанхуй засаг” жүжгүүдийн талаарх өөрийн өчүүхэн сэтгэгдэлээ хуваалцъя.
 
Үгийн хүчийг ойлгож, түүнийгээ зөв зүйлд зориулж, эцсээ хүртэл хэлсэнээсээ буцаагүй зоригт зохиолч бол яахын аргагүй С.Буяннэмэх мөн юм. ‘’Мянган лан баривч олдохуйяа бэрх учраа, эрхбиш уг үндсийг нь үлдээх нь чухал бөгөөд уг учир явдал нь миний дотор байсаар тул гээгдүүлэн орхигдуулахгүйг бодож….” энэхүү өгүүлбэрээс нь зохиолчийн ямар сэтгэлээр бүтээлээ бичдэг болох нь мэдэгдэнэ. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бус ирээдүйн утга зохиол , үр хойчдоо үлдээх үнэ цэнийг ихээхэн эрхэмлэдэг байжээ. Цэл залуу насандаа Ойрх цагийн товч түүх жүжгээ бичсэн гэхэд түүх соёлоо нягт нямбай судлан, ард олонд өмнөх үеийн түүх сургамжийг сануулж, одоогийн нөхцөл байдлыг учирлан ойлгуулсан.Түүгээр зогсохгүй арга зам, гаргалгааг нь жүжгээрээ ойлгуулахыг зорьсон байдаг. Аливаа улсын түүхийг эрдэмтэд нотолдог,харин зохиолчид бичиж үлдээдэг гэсэнчлэн ирээдүй хойч үеийхэндээ өөрийн цаг үеийнхээ талаарх үнэтэй биет өвийг бүтээж өгч чадсан. Баатар хөвгүүн Тэмүүжин жүжгийн төгсгөлд Юан хэмээх их монгол улсын нууц түүхээс жүжиг болгон зохиов хэмээн иш татсан байдаг. Тэрээр шинэ нийгмийн бүтээн байгуулалтыг сурталчлан таниулж ойлгуулахдаа өнгөрсөн түүхийнхээ үнэт зүйлс, өвөг дээдсийнхээ захиас гэрээслэлтэй нягт холбож үзүүлдэг найрагч байсан. Хорь гучаад оны уран зохиолчдоос өнгөрсөн түүх рүүгээ хамгийн ихээр өнгийн харж омогшилт түүхэн замналаа үе үе хүчтэйгээр эргэн сануулж бичдэг байсан. Харанхуй засаг дуулалт жүжигт хүмүүсийн хоорондын гажуудал буюу шударга бус байдлын тухай өгүүлсэн.Эрх мэдлийн эрхшээл дор ядуус буруугүй буруутан болж, амьдын тамд амьдарч,амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог бодит үнэнийг харуулсан . Мөн үүний зэрэгцээ утгыг далдалж, тайлбарлуулахыг зорьсон шүлэг зохиол их бичдэг. Далд утгат шүлэг,зохиолд агуулгыг шууд хэлэхгүй, гагцхүү түүгээр уншигчдад юм бодуулж далд утгыг ил болгож олуулахад чиглэдэг.
 
С. Буяннэмэх гуайн туурвисан эдгээр зохиолууд нь тухайн цаг үеийнхээ ухаарал гаргалгаа болоод зогсохгүй хойч үедээ өвлөгдөн ирэх түүх соёлын үнэт өв болсон билээ. Цаашдаа илүү олон Монгол хүн түүний бичиж үлдээсэн түүхийн он жилүүдтэй танилцан, эх орны минь бахархал чимэг болсон агуу зохиолчдын бүтээлийг он удаан жил уншин үр шимийг хүртэж, ирээдүй хойч үедээ бас нэгэн үнэт өв болгон үлдээгээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүслээ.