чөлөө авах үргэлжлүүлэн суралцах

Оюутанд улирал, жилийн чөлөө олгох, үргэлжлүүлэн сурах

1.Тодорхой шалтгааны улмаас тухайн улиралд, эсвэл хичээлийн жилд суралцах боломжгүй болсон оюутан өөрийн хүсэлтээр хугацаатай чөлөөг авна.

2.Хичээлийн шинэ улирлын эхэнд Хичээл сонголт 2 –ыг хийх хугацаанд тухайн улирлын сургалтын төлбөрийг бүрэн төлөх чадваргүй бол чөлөө авч болно.

Жич: Сургалтын кредит тогтолцооны үед сургалтын бүх үйл ажиллагааг улирлын эхнээс төлөвлөж явуулдаг учраас чөлөөг улирлын хичээл эхлэхээс өмнө авах нь тохиромжтой.

3. Чөлөө авах хүсэлтэй оюутан нь

a)    өргөдөл гарган холбогдох газруудтай “тооцоо хийх хуудас”  (цаашид тооцооны хуудас гэнэ) Сургалтын алба (СА) –наас  авна;

b)    тооцооны хуудсанд бичсэн албадуудтай харгалзах тооцоог өөрийн биеэр хийж, хуудсыг СА –нд буцааж өгнө.

4.Оюутанд чөлөө олгохдоо: 

Сургалтын алба тооцооны хуудсыг оюутанд олгоно. Уг хуудсанд чөлөө эхлэх огноо, үргэлжлэх хугацааг бичсэн байна.

Харьяа салбар, тэнхим: салбар, тэнхимийн эрхлэгч болон оюутны зөвлөх багш нь зохих зөвлөгөөг өгч,  тэмдэглэж авна.

Санхүүгийн хэлтэс:  Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж байгаа эсэхийг шалгаж зохицуулалт хийх ба СА-наас тавьсан огноог (суралцсан долоо хоног) үндэслэн “чөлөө авч байгаа оюутантай сургалтын төлбөрийн тооцоо хийх аргачлал” –аар тооцоог хийнэ.

Оюутны алба, номын сан, оюутны байр нь шаардлагатай тооцоог оюутантай хийнэ.

 Сургалтын алба: тооцоогүйг нотолсон тооцооны хуудсыг үндэслэн чөлөө олгож Захирлын тушаалаар баталгаажуулна. Тушаалд чөлөө олгосон огноо болон тухайн оюутны чөлөөнөөс эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг нь тодорхой заасан байна.

5. Чөлөөний хугацаа нь дуусч байгаа (эсвэл хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр) оюутан үргэлжлүүлэн суралцахын тулд улирлын эхэнд “Хичээл сонголт 2” дуусахаас өмнө СА -нд хандаж суралцах эрхээ сэргээлгэх ба судлах хичээлээ сонгож суралцана.

6. Чөлөөний хугацаа нь дуусч ирсэн оюутны суралцах эрхийг СА сэргээж, хичээл сонгох эрхийг нь нээнэ. Оюутны суралцах эрхийг сэргээсэн тухай захирлын тушаал гарна.

7. Оюутан суралцах хугацаадаа 2 удаа чөлөө авч болох бөгөөд чөлөөний нийт хугацаа хоёр жилээс ихгүй байна. Онцгой  тохиолдолд өмнө авсан чөлөөг шууд сунгах хүсэлт гарган, үргэлжлүүлж болно.

Түр чөлөө

Сургалтын кредит тогтолцооны үед оюутан нь зөвхөн хичээлд суудаг биш, харин улирлын туршид сурч хөдөлмөрлөж эзэмшсэн мэдлэг, чадвараа болон хөдөлмөрөө үнэлүүлж судалсан хичээлийнхээ кредитийг цуглуулдаг үндсэн зарчимтай байдаг тул сургуулийн захиргаанаас албан ёсоор түр чөлөөг олгохгүй.

1.Эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын улмаас 5 хүртэлх өдрийн хичээлээс чөлөө авах шаардлагатай оюутан нь энэ хугацаанд орох хичээлүүдийг зааж байгаа багш нартай биечлэн уулзаж тэр үед авах явцын шалгалт, дүгнүүлэх бие даалтын ажил байвал тэдгээрийг яаж өгөх, хичээлийн агуулгыг хэрхэн нөхөж авахыг зөвшилцөн тохирч, улмаар мэргэжлийн тэнхим, салбараас бичгээр зөвшөөрөл авна.

2.Эмнэлэгт эмчлүүлэх болон олон улс, улсын чанартай тэмцээнд бэлтгэх, оролцох шалтгаанаар сар хүртэлх хугацааны хичээлээс чөлөө авах шаардлагатай оюутан нь харьяа тэнхимийн эрхлэгчээр дамжуулан хичээл заадаг багш нартайгаа тэр хугацаанд авах явцын шалгалт, шалгуулж дүгнүүлэх бие даалтын ажил зэргийг яаж өгөх, хичээлийн агуулгыг хэрхэн нөхөж авахыг бичгээр тохирно.

3.Сараас илүү хугацаагаар  эмчлүүлэх, тэмцээнд бэлтгэх болон бусад шалтгаанаар сургалтад оролцох боломжгүй оюутан нь улирлын чөлөө авна.