ОУУБИС-аас Академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хоёр дахь ном хэвлэгдлээ
  • By iuuadmin
  • 2025-11-13
  • No Comments

ОУУБИС-аас Академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хоёр дахь ном хэвлэгдлээ

Олон улсын Улаанбаатарын их сургууль академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удамт академич Ринчен” нэртэй шинэ бүтээлийг хэвлэн гаргалаа. Энэхүү 448 нүүр бүхий үнэ цэнтэй судрыг Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Сумьяабаатар туурвисан байна.

Шинэ бүтээлд академич Ринчений удам гарвал, эрдмийн замнал, Монголын соёл, бичгийн их өвийг хамгаалж үлдэхийн төлөө хийсэн буянтай үйлсийг дэлгэрэнгүй өгүүлжээ. Ном дараах дөрвөн гол бөлөгтэй аж. Үүнд:

• “120 жилийн ойг тэмдэглэдэг монгол уламжлал” – Монголчууд алдарт хүмүүсийнхээ ойн баярыг хэрхэн хүндэтгэн тэмдэглэж ирсэн уламжлалын тухай.
• “Академич Ринчен хэвлэлийн хуудаснаа” – Хэвлэлд үлдсэн баримт, бүтээл, нийтлэлүүдээр дамжуулан түүний оюуны дотоод ертөнцийг харуулсан хэсэг.
• “Академич Ринчений тухайт өдрийн тэмдэглэл” – Түүхэн бодит баримт дээр үндэслэн түүний эрдэм шинжилгээ, амьдралын тодорхой үеийг гэрчлэх тэмдэглэлүүд.
• “Академич Ринчений мутрын бичиг” – Эрдэмтний гар бичмэл, өв соёлын үнэ цэнийг хадгалсан ховор эх сурвалцууд.

Энэхүү бүтээл нь Монголын нэрт эрдэмтэн, хэл бичгийн их мастер акад. Ринченийг олон талаас нь дахин шинээр харуулсан, судлаач, оюутан, уншигчдын мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болж байна.