ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоолд заасны дагуу сум, багт ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтыг 2025 оны 2-р сарын 10-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажиллуулах шинэ зохицуулалттай болсон нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд гарсан эерэг өөрчлөлтийн жишээ юм.
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах бүсийн сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймагт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар томилогдсон 61 албан хаагч хамрагдлаа. Хойд бүсийн сургалтад Олон улсын Улаанбаатарын их сургууль, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Д.Мягмарсүрэн сургагч багшаар ажиллав.
Сургалт 5 хоног үргэлжилж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөр, Нийгмийн ажилтны ёс зүй, эрх зүйн хэм хэмжээ, кейс менежмент, Хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээний ойлголт, салбарт ашиглагдаж буй мэдээллийн сангийн талаарх ойлголт, Нийгмийн ажилтан сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулав.
