ОУУБИС ДЭЭР БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Дэлхий нийт мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны эрин рүү хурдацтай шилжиж байгаа өнөө үед багшийн хомсдол дэлхий даяар түгээмэл болж байна. UIS-ийн мэдээллээс харахад нийт улс орнуудын гуравны нэгд нь үндэсний стандарт сургалтаар бэлтгэгдсэн багш нарын эзлэх хувь 75-д хүрдэггүй байна.Манай улсын хувьд 2023-2024 оны хичээлийн жилд 871 Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-д 37 мянга орчим багш ажилласан бол 2024-2025 оны хичээлийн жилд 890 орчим сургуульд 40 мянган багш ажиллахаар байна. Багшийн эрэлт, хэрэгцээний тоон судалгаагаар ЕБС-д 4200 багш дутагдалтай байгаа бөгөөд үүний 2400 орчим нь Улаанбаатар хотод шаардлагатай байна. Монгол Улсын боловсролын салбарт тулгамдсан асуудал болоод байгаа энэхүү багшийн хомсдолыг нөхөх, хүүхдийн сурч, хөгжих эрхийг хангах зорилгоор богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох журам батлагдаад байгаа билээ.
Багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөцийг боловсролын салбарт татан ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд Боловсролын яамны бодлого чиглэж байна.
ОУУБИС багш бэлтгэх сургалтыг хэрэгжүүлэх эрхийг авч 25 хүнийг өнөөдөр амжилттай төгсгөж “Багшлах эрхийн гэрчилгээг” гардууллаа.
Төгсөгчид Хүүхэд судлал, Хүүхэд хамгааллын бодлого, Хүний хөгжлийн сэтгэл судлал, Харилцааны сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, Багшилхуй, суралцахуйн онол ба практик, Сургалтын хөтөлбөр ба үнэлгээ, Цахим сургалтын арга зүй, Эцэг, эх асран хамгаалагчийн оролцоог дэмжих арга зүй, Багшийн хөгжил, ёс зүй гэх мэт хичээлүүдийг судалж шалгалтаа амжилттай өгч гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтад МУ-ын гавьяат багш доктор, дэд проф Х.Баавгай, Доктор Б.Туяа, Доктор Б.Ариунбаатар, Доктор, дэд проф Т.Мягмарсүрэн, Д.Мягмарсүрэн, Доктор дэд проф Б.Оюун-Эрдэнэ, Доктор, дэд проф Ө. Байгаль нарын бүрэлдэхүүнтэй багш нарын баг хичээл заасан бөгөөд сургалтын зохион байгуулалтыг Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим хариуцан ажиллаа.
Төгсөгчид чиглэл, чиглэлийнхээ дагуу ЕБС-д багшлах бөгөөд нийт төгсөгчдийн 70% нь багшлах урилга авсан амжилттайгаар төгслөө.
