“Залуу аялагч” клуб
Бид аялал жуулчлалын менежмент мэргэжлээр суралцаж буй оюутнуудын Монгол орны аялал жуулчлалын байгалийн болон түүх соёлын томоохон үзмэр нөөцүүдийг жуулчдад таниулан хөрвүүлэх чадвартай болох, аялал зохион байгуулах үед тохиолдож болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авах чадвар эзэмших, аялалын маршрут зохиож, хэмжилт хийх, байршил тодорхойлох зэрэг мэргэжлийн технологи арга ажиллагаа, хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэй биечлэн танилцаж, аюулгүй ашиглах чадварыг эзэмших, хүрээлэн буй байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Залуу аялагч” клубыг 2009 онд анх үүсгэн байгуулж, клубын үйл ажиллагаа, ажиллах зарчим, зорилго зорилтыг тодорхойлон одоог хүртэл тогтвортой ажиллуулж байна.
“Залуу аялагч” клубын үйл ажиллагааны хүрээнд IUU tourism management пэйж хуудас нээн ажиллуулж, клубын үйл ажиллагаа, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг түгээж, оюутнуудын мэргэжилдээ дур сонирхолтой болгох, бие даан үйл ажиллагаа явуулах ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг клубын үйл ажиллагааны хүрээнд оюутнуудын дунд улирал бүр 2-3 танилцах аялалууд, мэргэжлийн сургалтууд, хөтөчлөх дадлага, салбартаа амжилттай ажиллаж буй төгсөгчидтэй хийх уулзалтууд зэрэг ажлуудыг тогтмол явуулж байна.
“Гранд Тур” аялал жуулчлалын улсын олимпиад
Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнууд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиадад 2010 оноос хойш тасралтгүй амжилттай оролцож ирсэн.