Боржигин-Тулга овогт Төмөр-Очирын Намжил тэнхимийн профессор. Тэрээр гэр бүл судлал, Хүүхэд-нийгмийн халамжийн тэнхимийг үүсгэсэн. Одоо сургуулийн эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн төвийг хариуцан ажиллаж байна.

Их, дээд сургуульд 50-иад жил багшилж, сүүлийн 20 гаруй жилд Монгол гэр бүл судлалыг үүсгэж суурийг нь тавихад судалгааны ажлаа чиглүүлжээ.

Доктор Т.Намжил олон жилийн судалгаанд үндэслэн саяхан “Монгол өрх гэр бүл”  цуврал бүтээлээ сургуулийн 25 жилийн ойд зориулан гаргалаа.

Гэр бүл судлаач, доктор (Sc.D), профессор Т.Намжил “Монгол гэр бүл”  цуврал бүтээлээ:

  • Эртний үе-Гэр бүл
  • XII-XIII зууны үе-Гэр бүл
  • XVII-XIX зууны үе- Манжийн эрхшээлийн үе-Гэр бүл
  • XX-XXI зуун-Социализм, орчин үеийн гэр бүл
  • Монгол гэр бүлийн ёс заншил, сурган хүмүүжил гэсэн чиглэлээр гаргалаа.

Цуврал бүтээлийн ерөнхий редактор, академич Н.Бэгз профессор “Монгол гэр бүл” хэмээх цуврал бүтээлдээ Монгол гэр бүл судлалын суурийг тавьж, ноён нурууг босгох оролдлого хийсэн нь шинжлэх ухааны ач холбогдолтой. Энэхүү цуврал бүтээл нь монгол судлалыг хөгжүүлэх, монголоо судлах, сурталчлахад зохих үр дүнгээ өгнө гэж найдаж байна” гэсэн бол,

Японы Монгол судлаач эрдэмтэн Ш.Койбучи “Доктор Т.Намжил гуайн зориг зүтгэл гарган бүтээж буй Монгол гэр бүлийн цуврал номноос үзэхэд Монгол гэр бүл судлалын суурь тавигдаж байгаа юм байна. Доктор Т.Намжил гуайн цуврал бүтээл судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах тул нэгтгэн томхон бүтээл болгон дэлхийн голлох хэл дээр орчуулан гаргаж, олон улсын хэмжээнд нийтийн хүртээл болговол зүйтэй болов уу” гэжээ.

Уг цуврал бүтээлийг Монголыг судлаачид, Монголын түүх, ёс заншил, уламжлалыг сонирхогчид талархан хүлээн авна гэдэгт найдаж байна.