32 дахь “Үндэсний номын баяр-2022” үзэсгэлэнд оролцлоо.

“Илүү их уншъя” уриан дор “Үндэсний номын баяр-2022” үзэсгэлэн 2022 оны 09 сарын 16-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Тус баярт ОУУБИС-ийн профессор,  “Гэр бүл судлалын номын санг үүсгэн байгуулагч” , Sc.D Т.Намжил гэр бүлийн холбогдолтой 20 гаруй номоор үзэсгэлэн гаргаж сонирхогч иргэд, залууст гэр бүлийн номын сурталчилгаа хийлээ.

Анх удаа ГЭР БҮЛИЙН номуудаас бүрдсэн АСАР гарлаа. Энэ удаагийн номын баярын арга хэмжээ их өргөн дэлгэр, эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай боллоо. ГЭР БҮЛИЙН талаар боловсрол олж авахыг хүсэж байгаа, гэр бүлээрээ хамтдаа суралцахыг хүсэж байгаа бүх хүмүүс нэг дороос хэд хэдэн төрлийн ном авах боломж бүрдлээ.

Буурал багш маань олон түмэнд өөрийн биеэр зөвлөгөө өгч, гарын үсэг зурж, хамт зургаа татуулж байлаа. ОУУБИС-ийн гэр бүл судлалын анхны магистр төгсөгч Б.Шүхэрцэцэг, ОУУБИС-ийн номын сангийн хамт олон багштай хамтран уг арга хэмжээнд оролцлоо.

Монгол улсын их хурлын дарга Г.Занданшатар тус асарт морилон ирэхэд ОУУБИС-ийн багш Т.Намжил гэр бүлийн номын дээжээсээ өргөн барилаа.

Манай сургуулийн багш нар болон багшийн шавь, үе үеийн төгсөгчид номын өдөрлөгт оролцож багшийн гэр бүлийн номоос авч хамт зургаа татуулав.

Номын баярын арга хэмжээнд анх удаагаа оролцож байгаа Гэр бүлийн асар нь олон хүний анхаарлыг татсан хүн бүрийн мэддэг, энгийн юм шиг хэр нь маш чухал хэрэгцээтэй сэдвийг хөндсөн ном, бүтээлийн үзэсгэлэн байлаа гэж ирсэн зочид, уншигчид дүгнэлээ.

Монголын гэр бүлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Sc.D, профессор Т.Намжил багшдаа цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

ОУУБИС-ийн номын сан