7 дахь Ерөнхий захирлыг хүлээн авах ёслол боллоо.

ОУУБИС-ийн 7 дахь Ерөнхий захирлаар БНСУ-ын иргэн Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Кан Юу Ёль томилогдож, Ерөнхий захирлыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2022 оны 9 сарын 1-нд ОУУБИС-ийн А байрны их танхимд боллоо.   

Ерөнхий захирлыг хүлээн авах ёслолын ажиллагаанд ОУУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга И Сын Тэг тэргүүтэй хүндэт зочид, профессор багш нар, сургуулийн нийт хамт олон оролцож, док.профессор И Сын Тэг томилгоог док.проф Кан Юу Ёльд гардууллаа.

ОУУБИС-ийн 7 дахь Ерөнхий захирлаар томилогдсон док.проф Кан Юу Ёль нь 1980 онд БНСУ-ын Ма Пу ахлах сургуулиас ажлын гараагаа эхэлж Курё, Хун Иг, Коно Гүг, Пэг Сог их сургуулиудад профессор багшаар 2019 он хүртэл тасралтгүй боловсролын салбарт ажилласан туршлагатай эрдэмтэн хүн юм.

Ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхий захирлаар томилогдсон док.проф Кан Юу Ёль тангараг өргөж ОУУБИС-ийн эрхэм зорилгыг амьдралд хэрэгжүүлэх, Монгол улсын боловсролын хөгжилд бие, сэтгэл, бүх хүчээ дайчлан хүчин зүтгэхээ илэрхийллээ.

ОУУБИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал док.проф А.Хандмаа Ерөнхий захирлын цаашдын ажилд амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.