“Монголын нууц товчоон” бүтээлийн зохиогч, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Чингис Хаан Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Б.Сумъяабаатар тус номыг хэвлүүлсэн бөгөөд хэвлэлтийн хамгийн эхний хувиа ерөнхий захирал Чой Ги Хо-д гардуулан өглөө.

“Монголын нууц товчоон” хэмээх энэхүү бүтээл нь профессор Б.Сумъяабаатарын нэгэн жарны бүтээл туурвил бөгөөд Нууц товчооны хөрвүүлэг, орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх арвин баялаг эх сурвалжийн ээдрээтэй асуудлыг нэг мөр болгохын зэрэгцээ шинэ нээлт, ховор баримт, бүрэн судалгааг хамруулсан цогц бүтээл болсон байна. 

Энэхүү ном нь А-4-ийн форматаар 2262 хуудастай, 20 см зузаан, 6.0 кг гаруй жинтэй Монголын хамгийн том ном болох юм. 

Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна. 

Бүтээл нь агуулгаараа ч, хэлбэр хэмжээгээрээ ч том бөгөөд “Монголын нууц товчоо” судлалыг нэгэн шат ахиулсан хэмээн судлаачид үзэж байна.