Хууль зүйн сургуулийн оюутнууд "ПРОБОНО" арга хэмжээнд оролцлоо.

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчид бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой аливаа үйл ажиллагааг дэмжин ажилладаг. 

Монголын Хуульчдын Холбоо нь 2019 оноос эхлэн “Хуульчийн Про боно өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил тус Холбооны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дээрх өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулав.

Тус ОУУБИС-ийн Хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөс Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороотой хамтран ажиллаж, тус сургуулийн багш, оюутнуудын сургалт хийж, 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Хуульчийн Про боно өдөрлөгт Хууль зүйн сургуулийн 3 ба 4 дүгээр курсын оюутнуудыг оролцуулав. Эрх зүйн ангийн оюутнууд хуульчаас иргэдэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажиллагаатай биечлэн танилцаж, тэднээс тодорхой мэдлэгийн хүрээнд зөвлөгөө авч, туслан гүйцэтгэгчээр ажиллан хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгахын зэрэгцээ их сургуулиа сурталчилж, төгсөөд ажиллах мэргэжлийн чиглэлээ тодорхойлох боломжийг олгосноороо ач холбогдолтой боллоо.

Мөн Монголын хуульчдын холбооны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус холбооноос 2023 оны 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 84, 123, 124, Сүхбаатар дүүргийн 16, 31, Хан-Уул дүүргийн 34, 118, Арвист Хангай ерөнхий боловсролын 8 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Нууцтай байх эрх” сэдвээрх сургалтад 3 дугаар курсын оюутнууд өмгөөлөгч, прокуроруудын хамт оролцож ажиллалаа. Тухайн сургалт нь хүүхдүүдийн оролцоог хангахаас гадна мэдлэг нэмэгдүүлсэн сургалт байв