Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагааны танилцуулах сургалт

ОУУБИС-ийн Хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Хууль зүйн, Хүмүүнлэг, Нийгмийн ухааны, Сувилахуйн сургуулийн багш, оюутнуудад “Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагаа, клиник сургалт, хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлэх арга зүй сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтад Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн дарга, доктор, дэд профессор Ю.Бадамханд “Хууль зүйн клиник сургалтын онцлог, ач холбогдол”, Цагаан шонхор ТББ-ын дарга Ц.Ариунтуяа, сэтгэл зүйч Э.Мөнхцэцэг нар “Хохирогч төвтэй үйлчилгээ, онцлог”, “Эрчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх туршлага”,  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч М.Баяржаргал “Эмнэлэг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, сэтгэл зүйч мэргэжил, онцлог”, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан Б. Энхчимэг, сэтгэл зүйч Б.Эрдэнэтуяа нар “Хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлэх арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх нь”, Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Э.Биндэръяа “Гэр бүлийн асуудлаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл, тусламж үзүүлэх нь” сэдвээр тус тус хичээл зааж, ажил мэргэжлийн онцлогийг тодорхой кейс жишээн дээр тайлбарлан ярилцлага өрнүүллээ.

Сургалтын үеэр хичээлийн Б байрны Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн байр (209 тоот)-д Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Э.Биндэръяа 14-16 цагийн хооронд оюутнуудад сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав.

Энэхүү сургалтын үр дүнгээр клиник сургалтын онцлог, үзэл баримтлалын дагуу нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хамтарсан үйлчилгээ үзүүлэх боломжийг тодорхойлох, клиник сургалтыг сурталчилах юм.

Хууль зүйн зөвлөгөө өгөх төв нь ОУУБИС-ийн Б байрны 100 тоотод байрладаг бөгөөд Хууль зүйн сургуулийн Эрх зүйн ангийн оюутнууд багшийн удирдлага дор 2023 оны 3 дугаар сарын 01-нээс иргэдэд эрх зүйн зөвлөгөө (үнэ төлбөргүй) өгч ажиллахаар болжээ.