Өдрийн сонин 2016 оны 4 дүгээр сарын 25-ны даваа гараг. №097(5362) дугаарт хэвлэгдсэн.

2016-04-27 13:00:00

У ДОГ ГЮ: ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ ОЮУТНУУДДАА ОЛОН ТӨРЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРУУЛДАГ

 

-       Танай сургуулийг Монголын  анхны гадаадын хөрөнгө оруулалттай хувийн дээд сургууль гэдгийг мэднэ. Одоо хэр өргөжин хөгжсөн тухайгаа товч танилцуулна уу.

Тийм ээ, манайх анх “Улаанбаатар” коллеж нэртэйгээр байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд коллежоос дээд сургууль, улмаар их сургууль болж, одоо олон улсын их сургууль болон өргөжлөө. Энэ бол манай хамт олны нөр их хөдөлмөр, түүний бахдам үр дүн юм.

Манай сургууль одоо Хүмүүнлэгийн ухаан, Эдийн засаг, Инженерийн, Хөдөө аж ахуйн, Хууль эрхзүйн, Сувилахуйн гэсэн зургаан салбар сургуультай, 16 тэнхимтэй,  дотоодын болон гадаадын олон арван  сургуультай эрдэм шинжилгээ болон сургалтын  хамтын ажиллагаатай  хүчирхэг өрх айл болжээ.   

-       Танай сургууль Олон улсын их сургууль болсноороо бусад их сургуулиас онцлог ямар хөтөлбөр хэрэгжүүлж, ямар бодлого баримталж байна вэ?

Олон улсын чанар, стандартад нийцсэн чанартай боловсрол олгох, багш оюутны өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэгт ихээхэн анхаарч байна. Оюутнуудаа мэргэжлийн  англи хэлтэй болгон төгсгөхөөр бүх мэргэжлийн ангийн хөтөлбөрт хэлний боловсрол олгох тусгай хөтөлбөрийг багтаасан. Одоогоор мэргэжил тус бүрээс  нэг хичээлийг англи хэлээр зааж байна. Яваандаа мэргэжлийн гол гол хичээлүүдийг дэлхийн жишигт нийцэхүйц англи хэлээр заана. Зарим мэргэжлүүдээр Англи, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улсын их сургуулиудтай оюутан солилцооны “3+1” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын их, дээд сургуультай оюутан солилцох урт болон богино хугацааны хөтөлбөрт нийт 1000 гаруй оюутан хамрагдсан байна.

Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөлд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдээр сургуулийн үйл ажиллагааг өргөтгөх бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ялангуяа инженер технологи, нано инженерчлэлийн чиглэлээр БНСУ-ын их сургуулиудтай хамтран орчин үеийн лаборатори, сургалтын бааз бүхий ангиудыг нээхээр төлөвлөж байгаа.

Нэг оюутанд ногдох эрдэмтэн багш, стандарт талбай, сургалтын хэрэглэгдэхүүн, компьютерын хангамж болон хурд сайтай цахим орчны хангалтаараа орчин үеийн их сургуулиудад тавигдах шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

-       Та сургуулийнхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас танилцуулна уу?

Сайн сургуулийг шилдэг сэхээтнүүд бий болгодог. Тиймээс бид багш нарыг эрдэмжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг нь дэмжих талаар ихээхэн анхаардаг.  

Одоо манай нийт багш нарын 40 орчим хувийг эрдмийн зэрэг, цолтой эрдэмтэд эзэлж, зэрэг цолгүй багш нарын 55 хувь нь докторантурт суралцаж байна. Тэгэхээр бид ойрын ирээдүйд судалгаа шинжилгээний талаар тэргүүлэгч, бүх үеийн төлөөлөл бүхий эрдэмтдийн хүчирхэг багийг бүрдүүлж чадах юм.

Манайд судалгаа шинжилгээний бүтээлээрээ Монголд төдийгүй олон улсад данстай эрдэмтэд олон ажиллаж байна. Тухайлбал, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Шагдарсүрэн, Б.Сумьяабаатар, С.Галсан, Ж.Санжаа, Т.Намжил, Ц.Цэвээн зэрэг эрдэмтдийг дурдаж болно. Энэ мэт туршлагатай эрдэмтэд нь сургууль дээрх  Монгол судлалын төв, Солонгос судлалын төв, Бизнес сургалт, судалгааны төв, Хөдөө аж ахуйн судалгааны төв, Гэр бүл судлалын төв, Байгаль, инженер судлалын төв гэсэн эрдэм шинжилгээний зургаан том төвийг удирдаж, залуу эрдэмтэд, оюутан суралцагчдыг сургаж, хөгжүүлж байна. Эдгээр төвүүд нь гадаад, дотоодын эрдэм шинжилгээний томоохон багуудтай  судалгаа шинжилгээний олон төслийг хамтран хэрэгжүүлж байгаа.

Мөн багш, оюутан, магистр, докторантын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж, урамшуулдаг.

2015 оноос Олон улсын бүртгэлийн ISSN:2411-2534 индекстэй сэтгүүлийг жилд хоёр удаа тогтмол гарган, түүгээрээ Монголын болон гадаадын эрдэмтдийн эрдэм судалгааны бүтээлүүдийг олны хүртээл болгож байна.

 

-       Танай сургууль ямар ямар мэргэжлээр элсэлт авдаг вэ?

-       Хүмүүнлэгийн салбарт англи хэл, солонгос хэлний багш, орчуулагч, монгол-солонгос хэл судлал, олон улсын орон судлал, нийгмийн ажилтан, социологийн мэргэжлээр оюутан элсүүлнэ. Эдийн засгийн салбарт санхүү банк, маркетинг, бизнесийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент, олон улсын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын мэргэжлээр элсэлт авдаг. Харин Инженерийн салбарт компьютер програм хангамж, мэдээллийн систем, электрон системийн автоматжуулалт, график дизайн, үйлдвэрлэлийн дизайн, интерьер дизайн мэргэжлээр элсүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарт ойн үйлдвэрлэлийн техник технологи, зоо инженер мэргэжлүүдээр, Хуулийн салбарт эрх зүйч мэргэжлээр, Сувилахуйн салбарт сувилахуйн мэргэжлээр тус тус элсэлт авч бакалаврын түвшиний сургалт явуулж байна.

-       Танай сургууль оройн болон эчнээ ангиуд бий биз? Ямар мэргэжлийн эчнээ ангиуд байна?

Ажлаа хийнгээ сурах боломжийг хүмүүст олгоход бид анхаарч байна. Богино хугацааны, оройн  болон эчнээ анги хэд хэдийг нээж, сургалт нь жигдэрсэн. Энэ жил сувилахуй, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, англи, солонгос хэлний орчуулагчийн оройн,  эрхзүйн эчнээ  2.5 жилийн  ангиудад элсэлт авна.

-       Танай сургууль магистр, докторын ямар ямар чиглэлээр сургалт явуулж байна?

-       Манайх анх 2002 онд солонгос хэл, бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын сургалт зохион байгуулж эхэлсэн.  Харин одоо магистр, докторын сургалтыг хариуцсан  “Их сурхуй” хүрээлэнг байгуулан өргөжүүлж,  зургаан мэргэжлээр 480 орчим магистр, гурван доктор хамгаалуулж,  одоо тус хүрээлэнд 365 магистрант,  70 гаруй докторант суралцаж байна.

Манай “Их сурхуй” хүрээлэн нь гадаад хэл (солонгос хэл, монгол хэл, англи хэл), компьютер програм хангамж, эрхзүй, бизнесийн удирдлага, гэр бүл судлал, зоо инженер-фермерийн технологийн чиглэлийн магистр, харин гадаад хэл шинжлэл, бизнесийн удирдлагын чиглэлээр докторын ангидаа элсэлт авч байна.

-       Оюутан элсүүлэхдээ урамшуулал, хөнгөлөлт олгох уу?

-               Тийм ээ, бид хоёр төрлийн хөнгөлөлт олгоно. Элсэгч тухайн элсэхийг хүссэн мэргэжлийн чиглэлээрээ улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол сургалтын төлбөрийг 100 хувь, 4-5 байр 60 хувь, 6-8 байр 40 хувиар  тус тус хөнгөлнө. Харин аймаг, хот, дүүргийн олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 70 хувь, 4-5 байр 50 хувь, 6-8 байр 30 хувь тус тус хөнгөлнө. Эдгээр хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь их дээд сургуульд элсэх шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Мөн элсэлтийн суурь шалгалтыг 720 оноотой өгсөн бол сургалтын төлбөрийн  40 хувь, 730 оноотой бол 60 хувь, 740 оноо-80 хувь, 750-аас  дээш бол 100 хувь тус тус хөнгөлж болно.

-       Шинээр мэргэжлийн анги нээж, элсэлт авч байгаа юу?

-       Бид Монгол Улсын нийгмийн хэрэгцээ шаардлагыг судлан хамгийн их эрэлттэй байгаа зарим мэргэжлээр шинэ анги нээх зөвшөөрөл авахаар БСШУЯ-нд хандаад байгаа. Мэдээж шинэ анги нээхийн тулд материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэхээс авахуулаад ихээхэн зүйл хийж байж хүсэлт тавьдаг юм.

-       Танай сургууль хөдөө орон нутгийн, ялангуяа алслагдмал бүс нутгаас хэр олон оюутан элсүүлдэг вэ?

-       Хөдөө орон нутгаас жил бүр 300-400 оюутан элсүүлдэг. Баян-Өлгий аймгаас л гэхэд одоо 100 орчим оюутан сурч байна. Тэдэнд зориулсан монгол хэлний тусгай хөтөлбөр хэрэгжиж байгаа. Мөн сургуулийнхаа дэргэд хөдөө орон нутгийн оюутанд зориулсан тохилог дотуур байртай.

-       Сургуулийн тань оюутны байр “Улсын тэргүүний оюутны байр”-аар шалгарсан гэж сонссон. Оюутны байрныхаа онцлогоос тодруулна уу?

-       Манайх 250 оюутны дотуур байртай. Өрөө бүр дотроо ариун цэврийн өрөө, шүршүүр, угаалгын машинтай. Хурд сайтай интернет орчин, бялдаржуулах өрөө, хяналтын камерын системтэй. Тийм болохоор аюулгүй, наад зах нь хулгайн асуудал ч гарахгүй, амьдрах тав тухтай орчинг бүрдүүлж чадсан.

 

-       Танай сургууль оюутанд олгох тэтгэлгийн хэмжээгээрээ бусад их, дээд сургуулиас хавьгүй илүү гэж сонсон. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү.

-       Тийм ээ, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байгаа өнөө үед оюутны төлбөр олон өрх айлд хэцүүхэн асуудал болж байгаа нь ойлгомжтой. Тиймээс бид оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлж байна. Үүнд: Нэгдүгээрт, сайн сурч байгаа оюутныг дэмжих зорилготой сурлагын голч дүнгээс  хамааралтай  тэтгэлэг олгодог. Энэ тэтгэлгийн нэг онцлог нь оюутны нийт суралцсан хугацааны дундаж голч дүнгээр бус  улирал тутмын дүнг харгалзаж олгодог. Тухайлбал, оюутан улиралд ямар нэг шалтгаанаар тааруу сурсан байлаа ч дараагийн улиралд сайн сурвал тэтгэлэгт хамрагдах боломжтой болно. Хоёрдугаарт, Өнчин өрөөсөн, эцэг эх нь группт байдаг гэх мэт гачигдалтай хүүхдүүд, өрхийн орлого доогуур түвшний оюутанд тэтгэлэг олгож байна. Өнөө үед сурлага сайтай боловч ар гэрийн боломжоос хамаарч сурах эрх нь хязгаарлагдаж байгаа оюутан олон байдаг. Тэдэнд энэ хөтөлбөр ус агаар шиг дэм болдог. Гуравдугаарт, авьяасыг дэмжих хөтөлбөр нь урлаг, спорт, мэргэжлийн чиглэлээрээ амжилт гаргасан оюутнуудын хүрээнд хэрэгжиж байна. Жишээлбэл, манай сургууль хөл бөмбөгийн ли-гийн аварга бөгөөд Азийн футзалны хөл бөмбөгийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний Улсын шигшээ багийн тамирчдын ихэнхийг бүрдүүлсэн хүчирхэг багтай. Энэ оюутнууд цөм тэтгэлэгт бүрэн хамрагддаг юм. Дөрөвдүгээрт, нийгмийн үйлчлэлийн хөтөлбөрт сурахын зэрэгцээ цөөн цагийн хөдөлмөр эрхлэх сонирхолтой оюутныг хамруулдаг. Тэднийг цагийн ажилд зуучлах юм уу, анги танхим хариуцуулан цэвэрлүүлэх зэргээр улиралд 60 цагийн ажил хийвэл төлбөрийг 30 хувь  хөнгөлөх зэргээр урамшуулдаг.

Манай  сургууль 2015-2016 оны хичээлийн жилд гэхэд нийт 450 гаруй оюутан 195 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдсан байна. 

Мөн боловсрол болон судалгааны ур чадварыг сайжруулахын тулд багш нарын гадаад дахь сургалтыг дэмжиж, төгсөгчдийг магистр, докторантурт үргэлжлүүлэн сургах тэтгэлгийг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

 

-       У Дог Гю захирал Та өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулаач?

-               Би Солонгосын хөдөө тосгонд төрсөн хүн. Намайг бага байхад Солонгос орон ядуу зүдүү, буурай хөгжилтэй орон байв. Миний хувьд багаасаа сурах зорилго тавьж тууштай зүтгэсэн. Миний үеийнхэн өөртөө ч хатуу шаардлага тавьж амьдарсан, улс орноо хөгжүүлэх, өнөөгийн хөгжилтэй Солонгос улсыг бүтээхэд гар хумхилгүй ажилласан хүмүүс. Оюутан байхдаа би хоол ундгүй өлсч байсан удаа цөөнгүй. Хүнд өвчнөөр зовж байсан тохиолдол ч бий. Энэ бүгдийг даван туулж байсан. БНСУ-ыг хөгжихөд гадны орнууд боловсролын чиглэлээр тусалж байсан нь ихээхэн чухал, ирээдүйтэй тусламж байсан гэж би боддог хүн.

-       Манай оронд ирж ажиллах болсон тухайд?         

-       Хөгжиж буй монгол оронд боловсролын салбарт нь туслах, Монголын ирээдүйг бүтээх хүүхдүүдийг нь дэлхийн хэмжээний боловсролтой болоход нь туслах чин санаа агуулж ирсэн. Хэрдээ хичээн ажиллаж байна.

      Хэдийгээр би тэтгэврийн насны, гэр орноосоо алс, ач зээгээсээ хол байгаа боловч Солонгосчуудад бусад үндэстнүүд боловсролоор дамжуулан асар их тусалж, үүний үр дүнд бид хөл дээрээ баттай зогссоныг санаж, монголчууддаа бага ч гэсэн тус болох санаатай ажиллаж байгаа юм.

      АНУ-д нийгмийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. БНСУ-ын их, дээд сургуульд багшилж ирсэн. Монголчууд, монгол оюутнуудтай ажиллахад надад үнэхээр таатай санагддаг. Оюутнууд маань ямар их ухаалаг, ямар их авьяастай гэж санана аа.

-       Танай сургуулийг Мүүний шашинтай холбосон хардлага мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-       Манай сургуулийн олон мянган оюутан, багш нар ямар шашин шүтдэг гэдгийг би мэдэхгүй. Тийм судалгаа авдаггүй. НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал, Монгол Улсын Үндсэн Хуулиар шашин шүтэх, эс шүтэх нь хүний нэг гол эрх гэж л би мэднэ. Бид ардчилсан Монгол Улсад амьдарч, ажиллаж байна шүү дээ.

Нэг эмэгтэй манай сургуулийг Мүүний шашинтай холбосон хардлага мэдээлэл тараасан гэсэн. Монгол Улсын Үндсэн Хууль, Боловсролын тухай хуулиар боловсролын байгууллагууд шашинтай холбоотой зүйл сурталчилдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй.  Энэ чинь хуулиар хатуу хориотой зүйл шүү дээ. Энэ талаар би монгол дэд захиралтайгаа хамтран хатуу хяналт тавьж ажилладаг. Миний хувьд Мүүний урсгалыг хатуу эсэргүүцдэг хүн. Манай сургууль Мүүний шашинтай ямар ч холбоогүй гэдгийг хэлье.

-       Танай сургуулийн талаар мэдээлэл авах гэсэн сурагчид, эцэг, эхчүүд ямар хаягаар хандах вэ?

-       Манай сургуулийн сайт гэвэл www.iuu.edu.mn. Сургалтын албаны холбогдох утас 9117-2098, 9603-4177, 99608133.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.