“GRAND TOUR-2019” аялал жуулчлалын улсын XVII олимпиадад ОУУБИС-ийн баг амжилттай оролцлоо

2019-10-08 14:00:00

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Grand Tour” аялал жуулчлалын улсын XVII олимпиад 2019 оны 09 дүгээр сарын 21-ээс 27-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн олимдиад дэлхийн аялал жуулчлалын өдөр болон Монгол улсад орчин үеийн аялал жуулчлалын салбар үүсч, хөгжсөний 65 жилийн ойг тохиолдуулан “Аялал жуулчлал ба ажлын байр” уриан дор зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Тус олимпиадын үндсэн зорилго нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, оновчтой шийдэл гаргах явдал бөгөөд олимпиадын хүрээнд “Аялал жуулчлал ба ажлын байр” аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд” оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн, “Grand Tour” спорт явган аялалын тэмцээн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдсан.

17 дахь удаагаа зохион байгуулагдсан тус олимпиадад нийт 13 их дээд сургуулийн 17 баг оролцсон бөгөөд ОУУБИС-ийн аялал жуулчлалын менежментийн 1-3 ангийн оюутнуудаас бүрдсэн баг гуравдугаар байранд шалгаран хүрэл медаль хүртлээ.