Чингис Хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Монгол Нэвтэрхий толь

2020-01-13 10:18:00

ОУУБИС-ийн Чингис Хаан судлалын хүрээлэнгийн захирал шинжлэх ухааны доктор профессор Б.Сумьяабаатарын “Чингис Хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Монгол Нэвтэрхий толь” гэсэн нэртэй ярилцлага “Өнөөдөр” сонины шинэ оны анхны дугаарт хэвлэгджээ. Монголчууд 1282 онд Нэвтэрхий толио босоо монгол бичгээрээ зохион хэвлэлд шилжүүлж байсан тухай “Хубилай Хааны 19 дүгээр он бол аргын 1282 он. Тавдугаар жарны Хар морин жил. Чингис Хааны төрсөн 1162 он бол гуравдугаар жарны Хар морин жил. 1162-оос 1282 он хүртэл 120 жил. Хар морин жил нь таарч байна. Монголчууд жарны тоололтой, жар жаран жилээр ой тэмдэглэдэг, ялангуяа зуун хорин нас, 120 жилийг дорнодахинд их эрхимлэдэг уламжлалтай. Тиймээс энэ нь энгийн нэгэн тохиолдол биш байна. Тэгэхээр, Чингисийн ач хүү Хубилай, Чингис Өвөөгийнхөө мэлмий гийсний 120жилийн ойг тохиолдуулан, монгол бичгээрээ Монголын анхны Нэвтэрхий толийг зохиолгож хэв сийлж тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс эндээс соёолон гарч ирж байна. Удам угсаагаа сануулан, Чингис Өвөөгийнхөө алдар нэрийг дуурисгаж, ойд нь зориулан хүн төрөлхитний соёлын түүхнээ мөнхрөхүйц бэлэг барих нь, элдвээр хэлүүлж асан тэр үеийн Хубилай Хааны нэр төрд ч их тустай байсан байх.2022 онд, Чингис Хааны маань мэлмий гийсний 860 жилийн ой, энэхүү Нэвтэрхий толийн 740 жилийн ой тохиох гэж байна. Чингис Хааныхаа музейг барьж дуусаад, эдгээр ойг давхар баяр болгон тэмдэглэвэл юутай сайн хэмээн бодож суунам. Тэнгэр заяат дэлхийн монголчууд тийм сайхан цагтай золгох байх” гэсэн шинэ санал дэвшүүлсэн агуулгатай энэ ярилцлага интернэтээр цацагдаж, манай сургуулийн эрдэм шинжилгээний ажлын зарим үр дүнг дэлхийд сурталчилж байна.