ЭМГЭНЭЛ Хиад Боржигин овогт Жамсранжавын Санжаа (1947-2018)

2018-03-25 12:00:00

ОУУБИС-ийн Монгол судлалын тэнхимийн зөвлөх профессор, ШУ-ны доктор Жамсранжавын Санжаа 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирч, гүнээ эмгэнэж байна.

Бидний эрхэм багш, доктор (Sc.D.), профессор Жамсранжавын Санжаа нь нинж зөөлөн сэтгэлтэй, төлөв төвшин, шулуун шударга, эелдэг найрсаг зантай, хөдөлмөрч, залуу үедээ үлгэр дуурайлалтай, бидний дотны зөвлөгч ахмад багш бөгөөд Монгол улс төдийгүй дэлхийн Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан хэл шинжлэлийн чадамгай герменевтивч, эрдэмтэн байлаа.

Ж.Санжаа нь 1947 онд Архангай аймгийн Батцэнгэл сумд Жамсранжавын ууган хүү болон мэндэлжээ.

Ж.Санжаа нь1957-1963 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын дунд сургууль, 1963-1966 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг тус тус дүүргэж, улмаар 1966-1970 онд Архангай аймгийн Батцэнгэл сумд бага ангийн багш, 1970-1974 онд Улсын Багшийн дээд сургуулийн Монгол хэл-уран зохиолын салбарын оюутан, 1974-1980 онд Улсын Багшийн их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимд багш, 1980-1984 онд Чехулсын Прагахотын Их сургуульд багш, 1984-2007 онд МУБИС-ийн декан, тэнхимийн эрхлэгч, багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2007 оноос Олон улсын Улаанбаатарын их сургуульд Монгол судлалын төвийн захирал, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор,  Хүмүүнлэгийн салбар сургуулийн захирлын албыг тус тус хашиж, улсад 51 жил тасралтгүй багшилсан байна.

Ж.Санжаа ньХэл шинжлэлийн ухаанаар 1990 онд дэд эрдэмтэн, 1998 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1992 онд доцент, 2001 онд профессор цол хүртжээ.

Профессор Ж. Санжаа 1997 онд анхны хувийн хэвшлийн дунд сургуулиудын нэгэн “Тольт” сургуулийг үүсгэн байгуулсан, Удирдах зөвлөлийн гишүүн,  Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн,  Улаанбаатар хот дахь “Бичигт” Лайонс клуб хэмээх олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, МУ-ын Төрийн хэлний зөвлөлийн гишүүн, МУ-ын хэл бичгийн ШУ-ны доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг эрхэлж байсан нийгмийн идэвхтэй тэргүүний сэхээтэн юм.

Профессор Ж. Санжаа нэг сэдэвт зохиол 5, улс хоорондын төсөлт ажил 6, их, дээд, дунд сургуулийн сурах бичиг, толь бичиг 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүллэг 60 орчмыг туурвиж, дотоод гадаадад болсон Олон улсын монгол эрдэмтдийн онол-практикийн хуралд 40-өөд удаа илтгэл хэлэлцүүлж, эрдэм судалгааны 30-аад бүтээлд хянан найруулагч, зөвлөхөөр ажиллаж, танин мэдэхүй-сурталчилгааны 20 гаруй өгүүлэл нийтлүүлж, олон арван сургалтын аргазүй, хөтөлбөр, судалгааны тайлан бичжээ. Түүний бүтээлээс Орос, Чех, Хятад улсад хэвлэсэн байна.

Тэрээр хэл бичгийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг горилсон 5 зохиол, бакалаврын 50, магистрын 30 гаруй дипломын ажлыг удирдан хамгаалуулж, эрдэм шинжилгээний 150-аад бүтээлд санал шүүмж бичсэн байна.

Ж. Санжаагийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлж 1990 онд Шинжлэх ухаан, техник, дээд боловсролын улсын хорооны “Хүндэт жуух бичиг”, 1991 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1995 онд Монголын шинжлэх ухаан, боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”, 2000 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1991, 2001 онд  Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медаль, 2003 онд  “Алтангадас” одон, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Улаанбаатар хотын Хүндэт иргэн, 2007 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн газрын “Хүндэт өргөмжлөл”, 2007 онд Монголын багш нарын холбоо, Багшийг дэмжих сангийн “Онц шилдэг багш”, 2011 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” –оор тус тус шагнажээ.

Эрхэм ачлалт, эгэл агаад эгэл биш ухаантан багш таны минь нинж зөөлөн, үнэнч шударга, хөдөлмөрч хичээнгүй, эрхэмсэг даруу, хошин хөгжөөнтэй, найрсаг гэгээн дүр; эрдэм мэдлэг, онол ухаан, туурвисан бүтээлүүд нь гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, шавь нар, хамт  олон төдийгүй монголын хойч үрст үүрд хадгалагдан үлдэж, эрдмийн өгөөж буян нь үеийн үед үргэлжлэн, дэлгэрэх болно.

 

Ум сайн амгалан болтугай.

 

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн хамт олон