Гэр бүл судлаач шинжлэх ухааны доктор, профессор Төмөр-Очирын  Намжилын нэрэмжит “21-р зууны монгол гэр бүл” ЭШБХ амжилттай болж өндөрлөлөө.
  • By Bayarsaikhan Mendsaikhan
  • 2024-05-15
  • No Comments

Гэр бүл судлаач шинжлэх ухааны доктор, профессор Төмөр-Очирын Намжилын нэрэмжит “21-р зууны монгол гэр бүл” ЭШБХ амжилттай болж өндөрлөлөө.

Гэр бүл судлаач шинжлэх ухааны доктор, профессор Төмөр-Очирын Намжилын нэрэмжит "21-р зууны монгол гэр бүл" ЭШБХ амжилттай болж өндөрлөлөө.

21-р Зууны Монгол гэр бүл ЭШ-ий 24 дэх удаагийн бага хурал 2024 оны 05 сарын 13-ны өдөр ОУУБИС дээр амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хурал Гэр бүл судлаач шинжлэх ухааны доктор, профессор Төмөр-Очирын Намжил багшийн маань нэрэмжит болж байгаагаараа онцлог байлаа.

  • Миний, бидний багш Т. Намжил нь 1945 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Багш маань 17 настайгаасаа багшилж нийтдээ 53 жил боловсролын салбарт ажилласан билээ.
  • 1994 онд Улсын багшийн дээд сургуулийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монголын түүхийн хичээлд эх оронч уламжлал ашиглах нь” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан.
  • 1997 онд Улсын багшийн дээд сургууль, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн Эрдмийн зэрэг хамгаалуулах хамтарсан зөвлөлд “Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлал, түүнийг Зүүн Хойд Азийн улс орнуудтай харьцуулан судалсан нь” сэдвээр Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 1996 онд дэд профессор, 2000 онд профессор цол хүртсэн билээ.

Т.Намжил багш маань түүхийн багш мэргэжилтэй, археологийн олдвор, угсаатны зүйн  баримтуудад үндэслэн Монгол гэр бүлийн соёл, ёс заншлыг судалж эхлээд улмаар нийгмийн шаардлагаар гэр бүлийн судалгааны орчин үеийн асуудлуудыг ч судлах болсон билээ. Монгол улсад гэр бүлийн талаарх шинжлэх ухааны судалгааг бэхжүүлэх, энэ чиглэлийн судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор 1999 онд “21-р зууны Монгол гэр бүл” ЭШ-ийн хурлыг санаачлан эхлүүлсэн нь эдүгээ өөрийнх нь нэрэмжит болон үргэлжилж байна.

 

Т.Намжил багш маань гэр бүлийн судалгааны бааз суурийг бий болгон өргөжүүлж чадсаны зэрэгцээ гэр бүл судлаачдыг бэлтгэх, ном сурах бичиг хэвлүүлэх, мэргэжлийн боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлж мэргэжилтэн бэлтгэх тэнхимийг байгуулсан юм. Гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог үүсгэн бэхжүүлэхэд өөрийн сургалт, судалгааны ажлаа зориулж байсан. Олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр идэвхийлэн ажиллаж лекц сургалт хийх, радио, телевизийн нэвтрүүлгүүдэд тасралтгүй оролцож Монгол гэр бүл судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 

Хурлыг хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар ажиллаа.

🇲🇳Хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Т.Ихтамир нээж үг хэлснээр эхэллээ. Энэ удаагийн хуралд нийт 27 судлаачийн илтгэлийг 2 хэсэгт хэлэлцүүллээ. ЭШБХ-ны 1-р байрт ОТИС-ийн багш доктор, профессор Б.Галиндэв “Гэр бүл бол соёлын орчин болох нь” сэдэвт илтгэлээр, 2-р байрт МУБИС-ийн НА-ын тэнхимийн эрхлэгч доктор Т.Цэндсүрэн “Гэр бүлтэй ажиллах салбарын  мэргэжилтнүүдийг бэлтгэж буй байдал” сэдэвт илтгэлээр, 3-р байрт ШУТИС-ийн НА-ын тэнхимийн багш Н.Нямдорж “Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн хандлага” сэдэвт илтгэлээр, 4-р байрт Налайх дүүргийн ХГБХХГ-ын мэргэжилтэн Н.Орхонтуул “Орчин үеийн гэр бүл ба цахим хэрэглээ” сэдэвт илтгэлээр тус тус байр эзэллээ.

✍️Мөн хуралд багшийн маань зарим шавь нарын төлөөлөл илтгэгчдийг шагнаж урамшууллаа. МУБИС-ийн НХУ-ы сургуулийн захирал доктор Н.Мягмарцоож хамгийн залуу судлаач болох 25 настай А.Хүслэн багшид, Гэр бүл -сэтгэл судлалын тэнхимийн багш МУ-ын гавьяат багш доктор Х.Баавгай хамгийн ахмад судлаач болох ОУУБИС-ийн Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал Б.Сумьяабаатарт, 2009 оны Гэр бүл судлалын магистрын ангийнхан онцлох илтгэгч болох ОХУ-ын Буриадын Их сургуулийн профессор Ю.Ю.Шурыгинад тус тус шагнал гардууллаа.

Хуралд Увс аймаг, Архангай аймгуудаас нийт 6 илтгэгч зорьж ирсэн нь онцлог байлаа.

Илтгэгчдийн онцлох санаануудыг бодлого, эрх зүйн орчинд ажиллаж буй болон  шинэчлэлийг хийж буй чиг үүрэг бүхий хүмүүст хүргэх болно. Хуралд хүндэтгэн оролцсон судлаачид, эрдэмтэд, шавь нар, хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

 

                                       Багшийн маань эрдмийн үйлс мөнхөд үргэлжлэх болтугай.