Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим

БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

1990 оны нийгмийн шилжилтийн дараагаар Монгол Улсын гэр бүлийн бүтэц, харилцаа, боловсролд онцгойлон бодлого системтэйгээр шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах зүй ёсны шаардлага бий болсон.  Энэ нь төрийн бодлогын хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болж гэр бүлийн боловсрол нийгмийн хэрэгцээ болон дэвшигдсэн юм.

Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж эхэлсэн. Энэ бүхэнд судалгааны үндэстэй хандаж, төрийн бодлого, үйлчилгээнд тусгах нь нийгмийн шинэ эрэлт байсан юм. Хамтран амьдрагч, ганц бие эмэгтэйчүүд, ижил хүйстэн, улс дамнасан гэр бүл, олон соёлт гэр бүл, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, гэр бүл салалт гэх мэт сөрөг асуудлууд нэмэгдэж энэ бүхнийг зохицуулах эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, төрийн оновчтой бодлого бий болгох, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухалчлагдах болсноор тус сургууль БНСУ-ын зарим их сургуулиудын дэмжлэгтэйгээр 2003 онд “Гэр бүл судлаач” мэргэжлээр анхны элсэлтээ авч 40 оюутан элсүүлжээ.

2005 онд албан ёсоор “Гэр бүл судлал”-ын тэнхим байгуулагдаж, улмаар 2007 онд Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нээсэнээр Монгол улсад анх удаа “Гэр бүл судлаач” мэргэжлийн шаталсан сургалтын тогтолцоог бий болгосон мэргэжлийн тэнхим болжээ.

Гэр бүл судлалын тэнхим 2019 онд сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нээж өргөжин “Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим” болон нэрээ өөрчилжээ.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго: Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүл, сэтгэл зүйн олон талт асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого, зөвлөмж боловсруулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх.

Зорилт:

      • Гэр бүл судлалаар мэргэшсэн социологич бэлтгэх,
      • Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйгээр мэргэшсэн сэтгэл судлаач бэлтгэх,
      • Магистрын сургалт, судалгаагаар дамжуулан гэр бүл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх,
      • Төр, төрийн бус байгууллагуудын мэргэжлийн түшиц байгууллага болох,

Гэр бүл судлалын тэнхим нь гэр бүлийн зөвлөгөө, сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож томоохон үүрэг гүйцэтгэсэн  тэнхим юм.

Профессор багш нар

Ph.D, дэд проф Б.Оюун-Эрдэнэ

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Х.Баавгай

Дэд профессор

Ph.D Ө.Байгаль

Ахлах багш

Б.Нандинцэцэг

Ахлах багш

Б.Анужин

Багш

А.Мөнхжин

Багш

Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

      • Гэр бүл судлал,
      • Гэр бүл, хүүхдийн сэтгэл судлал,

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 031402
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр

Социологи-Гэр бүл мэргэжил нь социологийн шинжлэх ухааны онол, сургаал дээр үндэслэн социаль асуудлууд болон гэр бүл, хүн ам зүйн асуудлаар шинжлэх ухааны арга зүйгээр судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх мэргэжилтэн юм.

Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого үйл ажиллагаа, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэж явагддаг бөгөөд үр дүнг тооцох цаашдын, чиглэл, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн тооцоолох ажлыг  “СОЦИОЛОГИЧ” гүйцэтгэдэг бөгөөд  нийгмийн эрэлт их, ажлын үнэлгээ өндөр  мэргэжил юм.

Эдийн засгийн өсөлт бууралт, үр ашиг, хүн амын бүлгүүдийн амьжиргааны түвшин, ядуурал, боловсролын чанар, хүртээмж, гэр бүлийн хөгжил, хүний хөгжлийн асуудал, нийгэм болон бүлгүүдийн харилцан үйлчлэл, ажил эрхлэлт, хүүхдийн асуудал, нийгмийн социаль өөрчлөлт зэрэг нийгмийн бүхий л асуудал нь социологийн тодорхой судалгааны үр дүнд тодорхойлогдож байдаг.

Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимд энэхүү мэргэжлээр суралцсанаар “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн боловсрол”, “Гэр бүлийн эдийн засаг”, “Гэр бүлийн сэтгэл судлал”, “Хүүхэд судлал”, “Гэр бүлийн эрх зүй”, “Гэр бүлийн менежмент” зэрэг хичээлүүдийг судалж хүн ам зүйн асуудал, хүүхэд, гэр бүлийн асуудлаар илүү мэргэшсэн социологич болохоороо давуу талтай.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
      • Монголын нийгмийн бүхий л хүрээний бодит асуудлуудыг практикийн түвшинд судлан дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, бодлого зөвлөмж боловсруулах чадвар эзэмшинэ.
      • Гэр бүл, хүүхэд, хүн ам зүй, залуучуудын асуудлаар мэргэшиж, социологийн тодорхой судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гаргах, түүнийгээ нотлох, экспертиз хийх, зөвлөгөө өгөх чадвартай болно.
      • Өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, судлан шинжлэх арга зүй, аргачлалд суралцана.
      • Мэдээлэл харилцааны орчин үеийн технологи хэрэглэх, 1-2 гадаад хэлийг өдөр тутмын хэрэглээ болон мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болно.
 
Ажлын байр
      • ШУ-ны академи, судалгааны хүрээлэнгүүдэд судалгаа эрдэм шинжилгээний ажилтан
      • Бүхий л яамд, түүний харъяа агентлагуудад хяналт үнэлгээ, судалгаа, бодлого, мониторингийн ажилтан.
      • ХАХНХЯ, харъяа агентлагууд, Нийслэл, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэсд мэргэжилтэн
      • Цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын социологи, дүн шинжилгээний албанд мэргэжилтэн
      • Статистикийн газар, аудитын байгууллага, компаниудын маркетингийн албанд судалгаа, хяналт, үнэлгээний мэргэжилтэн
      • Гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээний байгууллагад мөн төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллага, хүүхэд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, сургалтын байгууллагуудад мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 031301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр

Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, сэтгэл судлал  болон гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн асуудлуудаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх чадвартай мэргэжлийн сэтгэл судлаач болно. 

Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг шинэчлэн баталж байна. Нийгмийн шилжилт, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, гадаад дотоод шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлууд  нийгмийн оюун санаанд нөлөөлж хувь хүний сэтгэл зүйгээс хамааралтай гэр бүл салалт, хүчирхийлэл, архидалт зэрэг нийгмийн сөрөг асуудлууд нэмэгдэж байгаа нь энэхүү мэргэжлийн эрэлтийг бий болгож байна.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
      • Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйгээр илүү мэргэшсэн клиник болон практик сэтгэл зүйн үйлчилгээний ур чадварыг эзэмшинэ.
      • Мэргэжлийн үйл ажиллагаа болон өдөр тутмын амьдралдаа мэргэжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг, хүмүүнлэг ёс, эрх чөлөө, ардчиллын зарчмуудад суурилж хувь хүн болон нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, эзэмшсэн мэдлэг чадвараа мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хандлага эзэмшинэ.
      • Өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, судлан шинжлэх арга зүй, аргачлалд суралцана.
      • Мэдээлэл харилцааны орчин үеийн технологи хэрэглэх, 1-2 гадаад хэлийг өдөр тутмын хэрэглээ болон мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болно.
 
Ажлын байр
      • Ерөнхий боловсролын сургуульд боловсролын сэтгэл зүйч
      • Байгууллага,аж ахуйн нэгжүүдэд сэтгэл зүйч
      • ХАХНХЯ, харъяа агентлагууд, Нийслэл, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэсд сэтгэл зүйч
      • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдэд сэтгэл зүйч
Хөтөлбөрийн индекс: E03140202
Боловсролын зэрэг: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр/Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго

Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нь социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр үндэслэн гэр бүлийн хөгжил, харилцаа, ёс зүй, үүрэг хариуцлага, эрх зүй, гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв, хүүхдийн хөгжил, хүмүүжил зэрэг гэр бүлийн амьдралын олон талт асуудлыг нийгмийн бүхий л харилцаануудтай холбон судалж  дүн шинжилгээ хийх мэргэшсэн судлаачийг бэлтгэхэд чиглэнэ.

Давуу тал/Суралцах орчин
      • Гэр бүлийн  судалгааны  төв
      • Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв
      • Гэр бүл судлалын тэнхимийн номын сан
 
Хөтөлбөрөөр олгох мэдлэг

Гэр бүлийн бүхий л асуудлыг нийгмийн болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэг эзэмшинэ.

Хөтөлбөрөөр олгох чадвар
    • Социологийн тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ, мэдээлэл боловсруулалтад хэрэглэдэг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвартай болно.
    • Хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн практик асуудлуудыг танин мэдэх, ойлгож шийдвэрлэх арга зүй ур чадварт суралцна.
    • Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
    • Гэр бүлийн харилцааны асуудлуудыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож харуулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.
    • Шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах, гэр бүлийн харилцааны асуудалтай хамааралтай зүйлсийг цогцоор нь харж харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал асуудлыг хөндөж зөвлөгөөг системтэй төлөвлөх, өгөх ур чадвартай болно.