Төгсөлт

1.  Сургуулийн төгсөлтийн комиссын даргаар Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, орлогч даргаар  Сургалтын албаны дарга, нарийн бичгийн даргаар Сургалтын албаны орлогч дарга, гишүүнээр бүх салбарын эрхлэгчид,  салбар комиссын даргаар тэнхимийн эрхлэгчид,  нарийн бичгийн дарга болон гишүүнээр тухайн сургуулийн  мэргэжлийн тэнхимээс санал болгосон мэргэжлийн багш нарыг  ерөнхий захирлын тушаалаар тус тус томилно.

2.  Төгсөлтийн комисс нь ОУУБИС-ийн хэмжээнд, салбар комисс нь тухайн мэргэжлийн тэнхимийн  хэмжээнд төгсөлтийн үйл ажиллагааг ерөнхий удирдлага, зохицуулалтаар хангана.

3.  Төгсөлтийн  салбар комисс шалгалт дууссаны дараа холбогдох материалуудыг сургалтын албанд  өдөрт нь хүлээлгэж өгөх бөгөөд мөн цаашид анхаарах арга хэмжээний талаар тодорхой санал, зөвлөмж гаргасан байвал зохино.

4.  Төгсөгч нь ОУУБИС-д зохих журмын дагуу ерөнхий захирлын тушаалаар элссэн байх ба сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн хөтөлбөрийн заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалсан байна.

5.  Төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна.

6.  Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн  хичээлүүдийг бүрэн судалж, 120-оос доошгүй кредит цуглуулсан оюутныг бакалаврын зэргээр төгсгөх ба ерөнхий голч дүн 2.0-оос доошгүй байна.

7.  Дээрх  шаардлагуудыг биелүүлсэн оюутан хичээлийн жилийн намар, хаврын аль ч улиралд төгсөх оюутнаар бүртгүүлж суралцах, улирлын төгсгөлд төгсөлтийн шалгалтыг өгөх эрхтэй.

8.  Бакалаврын зэрэгтэй төгсөх оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 3.5– аас доошгүй байгаа бөгөөд дипломын ажил хийж хамгаалахыг хүсч байвал ажлын сэдэв, удирдагч багшийг харьяа тэнхимтэйгээ тохирч тодорхой болгосон байна (нэгээс дээш тооны төгсөлтийн шалгалттай бол аль нэг шалгалтын оронд дипломын  ажил хийж  бусад шалгалтыг өгнө).

9.  Тухайн улиралд төгсөх оюутнуудыг (дипломын ажил бичих оюутны хувьд  дипломын ажлын сэдэв, удирдагч багшийг) ерөнхий захирлын тушаалаар батална. 

Доорх нөхцлийг хангасан төгсөгчдөд онцлох диплом олгоно:

  • Суралцсан нийт хугацааны үнэлгээний голч дүн нь 3.75 (А+) -аас доошгүй байх
  • Суралцах хугацаандаа В–ээс доош үнэлгээ авч байгаагүй
  • Суралцах хугацаандаа нэг ч хичээлийг дахин сонгож дүнг засуулж   байгаагүй
  • Төгсөлтийн шалгалтандаа А үнэлгээ авсан байх

Төгсөгчдөд олгох диплом нь мэргэжлийн индекс, дугаар, бүртгэлийн дугаартай байх бөгөөд сургуулийн удирдах зөвлөлийн дарга болон ерөнхий захирал, төгсөлтийн шалгалтын комиссын дарга болон сургалтын албаны дарга нарын гарын үсэг, ОУУБИС-ийн тамга, тэмдгээр баталгаажсан байна.

Диплом нь оюутны суралцах хугацаанд судалсан хичээлүүд, тэдгээрийн кредит, үнэлгээний оноо, суралцсан хугацааны үнэлгээний голч дүнг бичсэн хавсралттай байна. Хавсралтыг сургуулийн ерөнхий захирал, сургалтын албаны дарга нарын гарын үсэг болон сургуулийн тамгаар баталгаажуулна..

Төгсөгч оюутнаас дипломын хавтас, диплом болон хавсралт бичих үнэт цаасны төлбөрийг авна.

ОУУБИС –ийг төгссөн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд улсын хэмжээнд мөрддөг журмын дагуу, архивын материалыг үндэслэн нөхөж олгоно.

Төгсөлтийн салбар комисс төгсөж байгаа оюутантай холбоотой дараах материалыг архивт бүрдүүлж өгнө. Үүнд:

  • төгсөлтийн салбар комиссын хурлын шийдвэр (загварыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ)
  • дипломын хуулбар
  • сурлагын дүнгийн хуулбар (дипломын хавсралт) 
  • тойрох хуудас зэрэг орно.

Төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн төлөөллийг оролцуулан эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.